Миний тухай

Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүн шиг хүн байх. Хэдийгээр би олон янзын дүрд хувирч амьдардаг ч эргээд өөрийнхөөрөө байх, өөрийн мөн чанараараа оршихыг хичээдэг. Хичээсээр ч байна. Бидний амьдралын мөн чанар юу юм бэ? гэж үргэлж өөрөөсөө асуудаг. Бас бусдаас. Мөнгө үү? Хайр уу? Аз жаргал уу? Хариултыг нь би хараахандаа олоогүй л явна. Энэ хариултын эрэл маань амжилттай дуусна байх гэсэн итгэлээр л цаашид амдаръяа даа. Энэ миний амьдралын зорилго болог.

remember

Тэвч итгэ хүлээ

Tuesday, November 15, 2011

On fear

Obctupui, steteruntque comae, et vox faucibus haesit*

      Би байгалийн хуулийг тийм сайн мэдэхгүй болохоор, айдас бидэнд чухам ямар замаар нөлөөлдгийг тодорхойлж чадахгүй. Юутай ч энэ бол үнэхээр хачирхалтай мэдрэмж бөгөөд эмч нарын ярих нь, бидний ухаан бодлыг үүнээс илүү будилуулж самууруулдаг нь үгүй гэнэ билээ. Айсандаа болоод ухаан солио туссан хүнийг би цөөнгүй үзсэн. Бүр харьцангуй төлөв, түвшин хүмүүс ч айдаст автсанаасаа болоод аймшигтай "сохордог" юм билээ. Айснаасаа болоод өвөг дээдсээ булшнаас нь босгон харах ч юм уу, буг чөтгөр, босоо ороолон зэргийн хий юм үздэг бүдүүлэг, харанхуй хүмүүсийн тухай энд би ярьж байгаа юм биш ээ. Гэвч бусдыг бодвол айдаст хавьгүй бага автах ёстой цэргүүд хүртэл айхдаа сүрэг хонийг бүрэн зэвсэгтэй морин суман болгон үзэх ч юм уу, бут бургасыг гэтэж буй цэрэг эсвэл зэвсэг нэгт анд нөхдөө дайсан, цагаан өнгийн загалмайг улаан болгон харсан тохиолдол цөөнгүй.
      Бурбоны хунтайж Ромыг эзлэн авах үеэр Сахиусан
Тэнгэрийн Цайзны ойролцоо, цагтай цамхаг дээр зогсож байсан нэгэн тугч анхны түгшүүрийн дохионоор байдгаараа айн сандарч, тугаа барьсан чигээрээ доош үсэрчихсэн нь өөрийнхөө хот руу биш, харин хэрмийн гадна талд, дайснууд руугаа буучихсан гэнэ. Бурбоны цэргүүд түүнийг хараад бүслэгдэгсэд довтолгоонд орлоо гэж бодож л дээ. Харин нөгөө бүтэлгүй эр өөрийг нь чиглэн айсуй дайснуудаа үзмэгц дөнгөж сая бууж ирсэн нөгөө газраараа эргэн мацаж, харийнхнаас халхлах юу ч үгүй ил газраар гурван зуун алхам газар дээш өгссөн байна. Харин Жюлийн тугчтай тохиолдсон явдал тийм ч азтай дуусаагүй юм. Манайхан Сэн-Полийг эзлэн авсан довтолгоон эхлэхэд тэрээр эхлээд яг л өмнөх тугчийн адилд дайснуудынхаа дунд буучихжээ. Ингээд хэдэн хэсэг болтлоо тасчуулсан гэдэг. Яг тэр бүслэлтийн үед бас тэмдэглээд үлдээчихмээр тохиолдол гарсан нь нэгэн тайж сумны хэлтэрхийд ч шүргүүлээгүй атал айснаасаа болоод зүрх нь зогсч, хөсөр унасан байна. 
      Иймэрхүү айдас заримдаа олон хүнийг нэгэн зэрэг нэрмэх нь ч бий. Алеменчуудын эсрэг Ромын жанжин Херманикийн хийсэн нэгэн аян дайны үеэр нийтээрээ айж балмагдсан ромын хоёр баг цэрэг гэнэт өөд өөдөөсөө гүйлдэж, тодруулбал, нэг баг цэрэг нь нөгөөгийнхөө зугтан гарч ирсэн тэр л зүг рүү зугтан бужигналдсан нь харилцан байраа сольж буй мэт инээдтэй харагдаж байжээ. 
       Энэ хоёр жишээнд дурдсан шиг айдас заримдаа биднийг маш хурдтай болгочихдог бол, бас хойно ярих жишээнд өгүүлдэгчлэн хөлийг маань тушиж орхих нь ч бий. Византийн эзэн хаан Феофиле арабуудтай хийсэн тулалдаанд ялагдахдаа зугтах ч сэхээгүй болтлоо хөшчихсөн байжээ. Тэгэхэд, цэргийн гол жанждынх нь нэг Мануил түүний мөрнөөс зуураад, яг л унтаж байгаа хүнийг сэрээдэг шиг сэгсчиж, "Хэрэв одоохон миний араас дагахгүй бол би чамайг ална. Хаан ширээгээ алдаад олзлогдсоноос үхсэн чинь дээр" гэж хашхирсан гэдэг. 
       Үүргээ биелүүлж нэр төрөө хамгаалах шаардлага тулгараад байхад огт сураггүй байсан өнөөх эр зориг маань айдас бүр туйлдаа хүрэх үед гэнэтхэн хүрээд ирдэг. Ханнибалтай хийсэн дайнд ромчууд анхны томоохон цохилтод орох үед (Тэднийг консул Семпроний удирдаж явсан) арван мянга ч хүрэхгүй хүнтэй ромын нэгэн баг цэрэг аврагдах ямарч найдлагагүй болсондоо аюун сандралдаж, галзуу солиотой мэт уйлалдан чарлалдаад дайсны гол хүчний хамгийн гүнрүү давхилдан орж карфеганчуудад санаанд оромгүй хүнд хохирол учруулсан гэдэг. Тийм болохоор би маш их айсан хүнээс үнэхээр их айдаг юм. 
      Ер нь өөр бусад таагүй мэдрэмжүүдээс айдас бидэнд илүү хурц мэдрэгддэг. 
     Нэвширтэл нүдүүлсэн, шархтаж гэмтэл авсан, цус нөжөндөө хутгалдсан дайчдаас олонхийг нь маргаашийн тулалдаанд авч гарч болно. Харин дайснаас айж байгаагаа нэгэнт мэдэгдчихсэн хүнийг ядахдаа эсрэг талын зүг харуулахыг оролдоод ч нэмэргүй. Эд хөрөнгөө алдчих вий, цөлөгдчих вий, боолчлогдож бусдын эрхшээлд автчих вий гэх айдсыг мэдэрч явдаг хүмүүсийн амьдрал түгшүүрээр дүүрч, нойргүйдэж, идэж уухаа ч больдог байхад ядуучууд, цөллөгийнхөн, боолчууд сэтгэл амар явж л байдаг. Айдсыг үхлээс илүү аймшигтай зүйл гэж үзсэндээ, зүрх алдахын зовлонг мэдрэхээс зугтсандаа хичнээн хүн өөрийгөө боомилж, живж, ангал руу ниссэн билээ дээ!
       Бидний оюун санаанаас үл хамаардаг нэгэн төрлийн айдсыг герегчүүд тэмдэглэсэн байдаг. Тэр айдас нь ямар нэг тодорхой үндэслэлгүйгээр, тэнгэрийн эрхшээлээр төрдөг гэнэ. Ийм айдас заримдаа бүхэл бүтэн армийг, нийт ард түмнийг ч хамардаг. Карфеганд сүйрэл учруулсан нь чухам тйим айдас байлаа. Хот даяар орь дуу тавих, улангасан чарлах дуун л хадаж байжээ. Эгээ л дохио өгсөн мэт нийтээрээ гэрээсээ гүйлдэн гарцгааж, гудамжинд тааралдсан танил хүмүүс рүүгээ эгээ л хотыг нь эзлэн түрэмгийлсэн өштөн дайснууд мэт дайрцгааж, алж, шархтуулцгааж байсан гэнэ. Энэ хачин явдал өргөл мөргөлийн хүчээр бурхадын уур хилэнг тайтгаруулах хүртэл үргэлжилсээр л байсан гэдэг**.
       Тийм айдсыг герегчүүд мэгдмэл айдас хэмээн нэрийджээ. 


       *- Би хөшиж орхив: үс минь босч, дуу минь гаралгүй таг болчихлоо (лат.)
       **- Нийтийн тооллын өмнөх IV зууны үед Карфагенд аймшигт тахал дэгдэж, өдөр бүр хэдэн мянган хүн үхэж байжээ. Түүнээс гадна харийн хөлөг онгоцнууд Карфеган руу довтлох гэж байгаа тухай цуурхал дэгдэж, хотынхон бурхадын уур хилэнгээс айхдаа өөрсдийгөө егүүтгэж байсан тухай яриаг Монтень эш татжээ.

No comments:

Post a Comment

Хаанаас орсон бэ