Гүн ухаан бидний сэтгэл зүрхийг удирдан залах, хүсэл тачаалыг номхотгох дээд эрхийг оюун ухаанд өгснөөрөө өөрийн хөрөнгө баялгийг муугүй хуваарилжээ. Хайр дурлалаас төрдөг шунал тачаалыг номхорошгүй гэж үздэг хүн энэхүү санал бодлоо батлахын тулд "Дур хүсэл хүний бие сэтгэлийг бүхэлд нь эзлэн авч, бүр эрүүл мэндэд ч онцгой нөлөөлдөг бөгөөд анагаах ухаан тийм тохиолдолд ердөө л зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг" хэмээн зүтгэх нь бий.
Гэхдээ бидний хүсэл дэх бие махбодийн оролцоо дур тэмүүллийг тодорхой түвшинд бууруулж сулруулдаг, тэгээд ч иймэрхүү төрлийн хүслийг тайлж болдог, бүр эд материалын замаар ч хангаж болдог тул энэ санааг дээрхийн эсрэг тавьж болох юм. Хүсэл тачаалын байнгын дарангуйлалаас ангижрахаар тэмүүлэхдээ олон хүн өөрийг нь зовоогч биеийнхээ тэр хэсгийг таслан огтолж байжээ. Зарим нь цас юмуу цагаан цуугаар хүйтэн жин тавьж бадарсан хүслээ дарж байв.
Бидний өвөг зарим нь цамц маягаар өмсч, зарим нь дотуураа бүсэлдэг байсан адууны хялгасаар нэхсэн сахиусны зорилго ч үүнд л оршиж байлаа. Залуудаа I Францискийн ордонд болсон баяр ёслол дээр элдвээр гангалцгаасан олны дунд эцгээс нь үлдсэн хялгасан цамцыг өмч очихоор шийдсэн тухайгаа нэгэн язгууртан надад хуучилж билээ. Ариун нэр төрийн бэлгэдэл болсон энэ хувцастайгаа тэр удаан байж тэсээгүй бөгөөд шөнө болохыг ч хүлээлгүй өмсгөлөө тайлж хаяжээ. Холгосон бие нь хэдэн өдөр зовоосон гэдэг. "Энэ арыг хэрэглэхэд залуу цагийн ямар ч хүсэл номхорч дарагдахгүй байна гэж үгүй" хэмээн өөр танил маань ярьж байсан сан. Гэхдээ хамгийн аймшигт хүсэл тачаалыг мань эр өөрөө биеэр амсаагүй байх л даа, бүдүүн хадуун тээртэй хувцсан дор ч тийм мэдрэмжүүд дүрэлзэн асч болдгийг, хялгасан цамц үүнд тэр бүрий тус нэмэр болдгүйг батлах батлах туршлага хэн хүнд бий.
Гүн ухаантан Ксенократ харин хавьгүй шийдэмгий алхам хийсэн байдаг. Шавь нар нь багшийнхаа тэвчээрийг сорихын тулд үзэсгэлэн гоо, цэцэн ухаанаараа цууд гарсан хөнгөн явдалт авхай Лаисаг түүний оронд оруулчихаж л дээ. Зөвхөн нууц орноо л халхалсан нүцгэн бүсгүйн дэргэд Ксенократын бие махбод яриа, номлолоос нь зөрж үймрэх гээд ирэхийг мэдрүүтээ гүн ухаантан өөрийг нь тарчлаагч мөнөөх эрхтэнээ хайрахыг тушаасан гэдэг. Нэр алдарт шунах, харамч нарийн байх зэрэг сэтгэл санааны тачаадлууд бидний оюун бодлоос голчлон хамаардаг, тиймээс ухаанаараа эдгээр мэдрэмжийг захирч болно. Харин дур хүслийг номхруулах аргагүй, хангаж тайллаа гэхэд уламл хүчтэй, хурцаар оргилох үүдийг л нээнэ.
Сэтгэл санааны болоод бие махбодын хүслүүд өөр хоорондоо хичнээн ялгаатайг нотлохын тулд Юлий Цезариар жишээ авахад л хангалттай юм. Тэгээд ч дурлалын адал явдалд Цезериас илүү тийм шунаг тачаангуй автдаг хүн байгаагүй гэлцдэг шүү дээ. Эр эмийн хэрэгт онцгой анхаардгийнх нь нэг нотолгоо бол тэрээр биеэ гойд арчилдаг бөгөөд тухайн үед мэддэг байсан бүхий л нарийн нууц аргыг хэрэглэдэг, тухайлбал, биеийнхээ үсийг түүлгэж, хамгийн тансаг үнэртнийг байнга анхилуулж явдаг байжээ. Хэрэв Светонийн үгэнд итгэх юм бол, тэрээр цайвар үстэй, өндөр нуруутай, тэгшхэн биетэй, махлаг царайтай, гялалзсан хар нүдтэй, нэг үгээр хэлэхэд тун сайхан эр байсан бололтой. Гэвч Ромд хадгалагдан үлдсэн Цезарийн баримлуудаас харахад энэ бүхэн оргүй худал юм шиг.
Тэрээр дөрвөнтөө гэрлэсэн бөгөөд хууль ёсны эхнэрүүдийг нь тооцохгүйгээр, тэрчлэн, бага залуудаа Вифинийн хаан Никомидтой учир ургуулсныг нь ярихгүйгээр тоолж үзье л дээ.
Египетийн хатан хаан алдарт Клеопатра түүнд охин биеэ өгч, Цезарион хэмээх хүүг нь төрүүлсэн юм. Тэр бас Мавританы хатан хаан Евноятай амрагладаг, Ромд бол Сервий Сульпицийн эхнэр Постумия, Габинийн эхнэр Лоллия, Крассын эхнэр Тертулла, бүр аугаа Помпейн эхнэр Муциятай эр эмийн харьцаатай байжээ (Ромын зарим түүхчид үүнээс болж л Помпей гэрлэлтээ цуцлуулсан гэдэг ч, Плутарх бичихдээ энэ талаар тодорхой юу ч байхгүй гэсэн аж). Помпейг Цезарийн охинтой гэрлэхэд эцэг хүү хоёр Курион "Чи өөрөө түүнийг Эгифс* хэмээн нэрлэдэг биз дээ? Тэр л чамайг эврээрээ сүлбэж мөргөх гээ биз дээ? Тийм хүнийхээ хүргэн болох гэж дээ!" хэмээн зэмлэсэн гэдэг.
Дээр дурдсан эмэгтэйчүүдээс гадна тэрээр Катоны дүү, Марк Брутын эх Серилиятай ч дотно харьцаатай байсан бөгөөд Цезарийн Брутд маш их хайртайн учрыг ихэнхи Ромчууд үүнтэй холбон тайлбарладаг байснаас гадна төрсөн цаг хугацааг нь хөөж үзвэл тэр хүү нь ч байж магадгүй гэнэ. Ингээд санахад, Цезарийг нилээд ужид самуун, дурлалын явдалд ер бусын дуртай эр явжээ гэж үзэх бүрэн үндэс байна гэж би үзнэ. Гэвч түүний сэтгэл зүрхний эмзэг цэг нь болох нэр алдрыг эрхэмлэх үзэл эмэгтэйчүүдэд дуртай үед мөргөлдөх үед хайр дурлалаа тэр дорхноо л хойш тавьдаг байжээ.
Энд бас Герег орныг түйвээж орхисон, Константинополийг эзлэн түрэмгийлэгч Мехмедийг санаж байна. Дээрх хоёр төрлийн хүсэл тачаал тийм тэгш тэнцүү байдлаар эн зэрэгцсэн өөр хүнийг би мэдэхгүй; тэр яг л нөхцөнгүй дайнч эр явсныхаа нэгэн адил ханаж цадашгүй хуял тачаалтан байсан гэдэг. Гэхдээ хоёр хүсэл нь харшилдахад тэр цэрэг дайны хэргээ дурлалын явдлаас ямагт дээгүүр тавьдаг байжээ. Дайн тулаанд тэнцэхээ больсон, нас дээр гарсан хойно л түүнийг эр эмийн цэнгэл бүр мөсөн залгисан аж.
Мехмедийн эсрэг дүр болчихоор хүн бол Неаполийн ван Владислав. Зоригтой, нэр төртэй, гайхалтай жанжин хэрнээ ямар нэгэн хосгүй гоо бүсгүйг эзэмдэхийн төлөөнөө бүхнийг гаргуунд нь хаячихдаг хүн байсан хэмээн түүний тухай мэдээлсэн нь анхаарал татна. Үхэл нь ч ийм л шалтгаантай байжээ. Флоренцийг удтал нь бүсэлж, оршин суугчид нь бууж өгөхөд аль хэдийнээ бэлэн болчихоод байсан яг тэр үед тэрээр нэгэн хосгүй үзэсгэлэнтэй бүсгүйн тухай цуу яриа сонсуутаа тэр хүүхнийг авах болзолтойгоор бүслэлтээ татахыг зөвшөөрчээ.
Нэгэн гэр бүлийн нэр төр шившиглэгдэх үнээр л нийтэд заналхийлсэн аюулыг зайлуулах боломж гарсан тул бүслэгдэгсэд болзлыг хүлээн авч.
Мөнөөх гоо бүсгүй нь тухайн цагтаа маш алдартай нэг эмчийн охин байсан бөгөөд хүнд байдалд орсон эцэг нь шийдвэрлэх алхамд зоригложээ. Хотынхон охиныг хамаг л үнэтэй эд эрдэнэсээрээ гоёж гангалаад ирээдүйн нөхөрт нь хүргэх болоход эцэг нь ер бусын сүрчиг шингээсэн гайхалтай уран хийц бүхий алчуур бэлэглэжээ. Нөхөрт очсон бүсгүйн анхны шөнө хэрэглэдэг ердийн л зориулалттай эд. Гэвч эцэг нь бэлгэндээ эмчийн ур чадвар шингээснээр мөнөөх алчуур шинэхэн хосын гал халуун янаглалын ид үед, тэдний халуун тэврэлтийг хоромхон зуурт хүйтэн мөс мэт царцаах шидтэй болжээ. Ийнхүү тэд бие биеэ тэврэн үхсэн гэдэг. Одоо Цезарийн тухай яриандаа эргэн оръё.
to be contine.....
No comments:
Post a Comment